Монгол 30 гаруй сая малтай бөгөөд 2.4 сая хүн амын амьжиргаа, сайн сайхан амьдрах нь мал аж ахуй, үүний дотор сүүний аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэж, таван хошуу малаа сааж, уламжлалт аргаар цагаан идээ хийж ирсэн нь хүн амын сүү, цагаан идээний хэрэгцээг хангах, орлого, ажлын байр нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Төрийн мэдлийн эзэмшлээс хувийн эзэмшилд шилжих огцом үед сүүний салбар задарч, уналтанд орж, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 1990 онд 65 сая литр байсан бол 2002 онд 5 сая орчим литр болтлоо буурсан байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал болон олон хүний амьжиргаа, амьдралд сөргөөр нөлөөлжээ.
Мөн сүүлийн жилүүдэд дараалан тохиолдсон ган, зудын гамшиг хүнд байдлыг улам даамжруулав. Нийт малын гуравны нэг нь хорогдов. Сүү, сүүн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, сүүнд шилжүүлснээр 50 орчим сая литр болж, энэ нь жилд 3.6 тэрбум төгрөг буюу 3 сая орчим ам.доллар гадагшаа гарч байгааг илэрхийлж байна.
Сүүний хангамж, эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн зөрүүг арилгаж сүүний салбарыг сэргээх, зах зээлийн нөхцөлд тохирсон үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөр санаачилж, дотоодын сүүний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.
Энэ хугацаанд сүүний аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх олон хувийн компаниуд шинээр үүсч ажиллаж эхэлсэн. Нэг хэсэг нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг давж чадалгүй унаж, зарим хэсэг нь гол түүхий эд- малын сүүг цуглуулж, бэлтгэхэд хүндрэлтэй учирсаар байна. Нийт хөдөө аж ахуйд бэлтгэж байгаа сүүний 1/3-ийг цуглуулж чадахгүй “алдаж” байгаа тухай тооцоо бий. Ихэнх хэрэглэгч дотоодод үйлдвэрлэсэн сүү, цагаан идээний чанар, аюулгүй байдалд эргэлзэн импортын бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншиж байна.
Монгол улсын сүүний салбарыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэг, туслалцаатайгаар 3 жилийн хугацаанд үргэлжлэх төсөл хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яам 2004 оны 10 дугаар сараас ажиллаж байна.
< em>Монгол Улсын томоохон хот, суурин газрын хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад энэхүү төслийн зорилго оршиж байна.
Төсөл нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малчдын орлого, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах үндэсний эдийн засгийн стратегид дэмжлэг үзүүлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зэрэг томоохон хот, суурин газар, тэдгээрийн ойролцоох эрчимсэн мал аж ахуй, сүү үйлдвэрлэл, зах зээлийн бүсэд хэрэгжих болно.
Монголд хотжилт өндөр хурдацтайгаар явагдаж сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын хүн ам бараг хоёр дахин нэмэгдэж нийт хүн амын тал гаруй хувь нь нийслэлдээ амьдарч, сүүний хангамжийн асуудал хурцаар тавигдаж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олон оронд туршиж нэвтрүүлсэн, сүүний аж ахуй, үйлдвэрлэлийг үр ашигтай эрхлэх загварыг Монголд дэлгэрүүлнэ. Үүнийг сүү үйлдвэрлэл-боловсруулалт-зах зээл зэрэг үйлдвэрлэлийн шат бүрт оролцогч төрийн болон хувийн салбарын мэргэжилтэн, ажиллагсадтай зөвлөлдөн хамтран хэрэгжүүлэх болно. Мал аж ахуй эрхлэж, үр шимийг нь хүртэж, уламжлалт цагаан идээ бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
|